Эх нутагтаа өв дурсгалаа үлдээгээд одсон халхын цогт хунтайж

 2022-01-24 00:00:00
 172

Чингис хааны алтан ургийн язгууртан, XVII зууны эхэн үеийн улс төрийн зүтгэлтэн, Халхын их шүлэгч Цогт хунтайжийн мэндэлсний 440 жилийн ой энэ онд тохиож байна. Батмөнх Даян хааны хөвүүн Гэрсэнз жалайр хунтайжийн ач Баарай хошуучийн хүү Цогт хунтайж (1581-1637) нь XVII зууны эхэн үеийн Халхын зүүн гарын улс төрийн зүтгэлтэн, Түшээт ханы дараа орох эрх мэдэлтэн байв. Тэрбээр өөрийн эх Мада Тайгал хатны хамт сүм хийд байгуулж, бурханы шашны ном судар орчуулгах үйлсийг эрхэлж, Халхын долоон хошууны цааз тогтооход оролцож явжээ. 1620-иод оны сүүлээр цэргийн хүчээр Монгол улсыг дахин нэгтгэх гэсэн Лигдэн хааны бодлогыг эсэргүүцсэн Өвөр Монголын олон ноёд говийг туулан Халхад хүрч ирэхэд, эл үйл явдалд хэрхэн хандах талаар Халхын ноёдын дунд хагарал үүссэнээс үүдэн Цогт хунтайж өөрийн албат ардыг аван Хөхнуурын зүг оджээ. Тэнд очоод Цогт хунтайж монгол бичиг цэгцлэх, арилжаа худалдаа хийж дасах, шавар шороо, мод чулуугаар хашаа хэрэм, хот балгас байгуулах, уул хаднаас соронзон чулууг таньж авах ба хэрэглэх, дарь найруулж галт буу хэрэглэх арга зэрэг долоон зүйлийн их эрдмийг дэлгэрүүлж “Хөх нуурын цоохор Цогт” хэмээн алдарших болжээ. Энэ үед V Далай лам Агваанлувсанжамцын хүсэлтээр Дөрвөн Ойрад болон Халхын баруун гарын холбоот цэргийг хошуудын Төрбайх Гүүш хаан толгойлон Хөхнуурын зүг дайлаар мордож, 1637 оны эхээр Хөхнуурын баруун хойд талд Улаан хошуу хэмээх газар Цогт хунтайжийн цэрэгтэй байлдан дарж, түүнийг барьж хороожээ. Хөхнуурт байсан Цогт хунтайжийн албат ардыг олз болгон ойрад нутагт хүргэсэн бөгөөд 1640 онд баталсан Их цаазаар үүнийг баталгаажуулсан байдаг. XVII зууны Монголын бичгийн дурсгалын томоохон өвүүдэд Цогт хунтайжийн эх нутагтаа үлдээгээд явсан “чулуун судрууд” чухал байр суурийг эзэлдэг юм. Одоогоор Цогтын цагаан байшингийн гэрэлт хөшөөний бичээс, Дуутын хадны бичээс, Бичигт шургуулгын бичээс, Булагуудын хэцийн бичигт хад хэмээх газраас олдсон Амар хиагийн бичээс зэрэг Цогт хунтайжтай холбоотой бичгийн дурсгалууд олдоод байгаа билээ. 1. Цогтын цагаан байшин (Булган аймаг, Дашинчилэн сум) Энэ нь Цогт хунтайж 1601 оноос эхлэн 17 жилийн турш зургаан сүм хийд бариулсны нэг болох Сэтгэшгүй чандмань сүмийн туурь юм. Энд Цогт тайж болон түүний эх Мада Тайгал хатан сууж байсан гэдэг. Гол хэрмийн өндөр нь 4 метр, цамхгийн өндөр нь 6 метр орчим, хэрмийн урт нь 40 гаруй метр. 2. Цогтын цагаан байшингийн гэрэлт хөшөөний бичээс (Булган аймаг, Дашинчилэн сум) Цогтын цагаан байшингийн баруун талд тусгайлан зассан чулуун дээр төвөд, монгол бичгийг хоёр талд нь сийлсэн гэрэлт хөшөө буй. Гэрэлт хөшөөний бичээсийг анх Германы эрдэмтэн Георг Хүт уншиж тайлбарласан бөгөөд монгол бичээсийг нь Оросын эрдэмтэн Б.Я.Владимирцов 1928 онд уншиж тусгайлан өгүүлэл бичжээ. 3. Дуутын хадны бичээс (Төв аймаг, Дэлгэрхаан сум) Уг хадыг юмаар цохиход ширмэн тогоо мэт жингэнэн дуугардаг учир Дуутын хад хэмээн нэрлэгджээ. Дуутын хадан дээр Цогт хунтайжийн сийлүүлсэн бичээсийг судлаачид 1621 оны үед Цогт тайжийн итгэлт баатар Гүен, Дайчин хиа, Амар нарыг сийлсэн гэж үздэг. Энэ нь Лигдэн хутагт хаанд зориулсан Бага бичээс, Оннигуд аймгийн нутагт суугаа хайрт эгчээ санан шүлэглэсэн Их бичээс хэмээх хоёр бүлэг бичээс бөгөөд анх 1912 онд Гадаад яамны тэргүүн сайд Чин ван Ханддорж тусгай хүн илгээн хуулбарлан авч Л.В.Котвичид илгээснийг хожим Б.Я.Владимирцов задлан уншиж тусгай өгүүлэл болгон “Доклады Академии наука” сэтгүүлд нийтлүүлсэн байна. 4. Хар бухын балгас (Булган аймаг, Дашинчилэн сум) Цогт хунтайжийн нэртэй холбогдох Хар бухын балгаснаас 1970 онд археологич Х.Пэрлээ нар үйсэн дээр бичсэн Халхын засаг ноёдын хууль цаазын бичгийг анх олсон нь монголчуудын бичиг үсгийн түүхийн судалгаанд томоохон амжилтыг авч ирсэн юм.

"Чингис хаан музейн мэдээлэл" сэтгүүлийн №1 дугаараас...