"ВЕГМАНС - ГАЙХАМШГИЙН ОРОН"-Д ТАВТАЙ МОРИЛ!

 2022-02-15 16:20:20
 225

Америкийн түүхийн үндэсний музейд Wegmans Wonderplace буюу “Вегманс - Гайхамшгийн орон” нэртэй 0-6 насны хүүхдэд зориулсан тоглоомын хэсэг бий. Энд хүүхдүүд тоглонгоо суралцах орчинг бүрдүүлснээрээ онцлогтой. АНУ-ын томоохон хүнсний сүлжээ дэлгүүр болох Wegmans нь нийгмийн хариуцлагын хүрээнд музейн салбарт багагүй хөрөнгө оруулдаг бөгөөд тус музейд ийнхүү өөрийн нэрэмжит танхимыг тохижуулж өгчээ.

“Вегманс - Гайхамшгийн орон”-д хүүхдүүдийн өдөр тутамдаа тоглодог тоглоомуудын оронд түүхэн дурсгалт эд өлгийн зүйлсийг хуулбарлан хийсэн үзмэрүүдийг тавьсан нь сонирхол татам. Тухайлбал, өнгөрсөн үе болон орчин цагийг илтгэх янз бүрийн хаалганы бариулыг ханан дээр байршуулжээ. Хүүхэд тэдгээр бариулаас татаж, түлхэж, эргүүлж үзэх зэргээр төрөл бүрийн хаалганы бариултай танилцан тоглож үзэх боломжтой. Мөн өөр нэг ханан дээр янз бүрийн цаг үед амьдарч байсан хүүхдүүдийн дүр төрх бүхий том хөргүүд бий. Тэдгээрийн дунд байрлуулсан жаазтай толинд хүүхэд дүрсээ харахад түүний тусгал орчин үеийн хүүхдийн бас нэгэн хөргийг бүтээх аж. Ийнхүү өөр өөр цаг үед амьдарч байсан хүүхдүүдтэй өөрийгөө харьцуулан харах нь хүүхдэд ихээхэн сонирхолтой байдаг байна.

Хэдийгээр хүүхдүүд өнгөрсөн үеийн түүхийг төдийлөн мэддэггүй ч эртний ховор нандин дурсгалуудыг хуулбарлан хийсэн үзмэрүүдийг шимтэн сонирхож, тэдгээрт хүрч, барьж үзэж, харилцаа үүсгэснээр түүхэн дурсгалт эд зүйлстэй эрт танилцах давуу талыг энэхүү газар олгодог байна.

Та https://americanhistory.si.edu/wonderplace линкээр орж "Вегманс гайхамшгийн орон"-ы талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Жич: Цаашид бид дэлхийн музейнүүдийн боловсролын ажлын чиглэлээр явуулдаг үйл ажиллагаануудын тухай мэдээллийг цувралаар хүргэх болно.

Бэлтгэсэн: #Боловсрол_Олон_Нийтийн_Харилцаа_Маркетингийн_Хэлтэс

#МузейҮзэхГоё #СоёлынЯам #Чингис_Хаан_Музей #МузейнБоловсрол