ӨНДӨР НАСТАНД ЭЭЛТЭЙ МУЗЕЙ

 2022-02-15 13:01:56
 175

Британийн музей 2016 оноос Их Британи Умард Ирландийн Нэгдсэн Вант Улсын музейнүүдийг хамарсан “Өндөр настанд ээлтэй музейнүүдийн сүлжээ” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэлжээ.

Тэд өндөр настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгардаг асуудлуудыг, мөн нийгмийн амьдралд идэвхтэй оролцоход нь музей хэрхэн туслах боломжтойг судлав. Судалгааны үр дүнд, 70-аас дээш настнуудыг хамгийн их шаналгадаг зүйл нь ганцаардал болохыг олж мэджээ. Ганцаардлаас үүдэлтэйгээр ахмадууд нийгмээс тусгаарлагдаж, сэтгэл гутралд орох, цаашлаад аливаа өвчин эмгэгт өртөх нь ихэсдэг байна. Иймд музейн зүгээс ахмад настай үзэгчдийнхээ дунд ижил хүсэл сонирхолтой хүмүүсийн бүлгүүдийг үүсгэж, уулзалт зохион байгуулж эхэлсэн байна. Ийнхүү музей болон ахмадуудын дунд харилцаа холбоо үүсч, уулзалт цуглааны үеэр ахмадууд музейн үзмэрүүд, түүх, соёлын үнэт зүйлсийн талаар мэдээлэл солилцож, мэдлэгээ баяжуулж, өөрийгөө хөгжүүлээд зогсохгүй шинэ найз нөхөдтэй болж, хамтдаа цагийг зугаатай, үр дүнтэй өнгөрөөж, амьдралд илүү идэвхтэй, сонирхолтой болдог аж.

Түүнчлэн Британийн музейн зүгээс “Өндөр настанд ээлтэй музейнүүдийн сүлжээ” хөтөлбөрийг дэмжиж ажиллах сонирхолтой бусад музейд арга зүйн зөвлөгөө өгч, санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг байна.

Ташрамд дурдахад, Чингис хаан музейн зүгээс тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

Та https://www.britishmuseum.org/.../age-friendly-museums... линкээр орж илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Бэлтгэсэн: #Боловсрол_Олон_Нийтийн_Харилцаа_Маркетингийн_Хэлтэс

#МузейҮзэхГоё #СоёлынЯам #Чингис_Хаан_Музей #МузейнБоловсрол